Орчлон ертөнцийн Бүтээгч, Гурвал Бурхан Эзэний дуудлаганд дуулгавартай хандаж, үйлчилж байгаа та бүхэндээ өнөөдрийг хүртэл хамтран ажиллах боломжыг бидэнд олгосонд Түүнд талархаад баршгүй. Мөн өнгөрсөн он жилүүдэд БСТ-тэй хамтран ажиллаж, оюутнуудаа илгээн, залбирал, өргөл, цаг зав, сэтгэл оюун, халамж зөвлөгөөгөө хайрлаж ирсэн нийт Монгол пасторууд, илгээлтийн эзэд, байгууллага, чуулганууддаа талархаж буйг минь хүлээн авна уу.

       1992 оны 4 дүгээр сард анх Улаанбаатар хотод Библийн Сургууль нь Даниэл Лайм агсаны удирдлаган дор анх байгуулагдсан. УББС нь “Есүс Христийн төлөө нутгийнхныг бэлтгэж, нутгийнханд нь хүргэх” гэсэн уриатай байсан юм.  

      1995 оноос Библийн сургалтын нэртэйгээр анхны элсэлтээ авч байсан бол БСТ маань Бурханы ивээлээр байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй төгсөлтийг хийж, нийт 700 гаруй төгсөгчид маань Монгол орны өнцөг булан бүрт, нутгийн чуулган болоод ажлын талбаруудад Бурханыг гэрчлэн ажиллаж, үйлчилж байна.

           2019-2020 оны хичээлийн жилд 76 чуулганаас 110 оюутнууд Монгол орны өнцөг булан бүрээс сертификат, бакалавр, магистрын хөтөлбөрүүдэд элсэн суралцаж байна.

        Бид Азийн Теологийн Холбооноос Магистр, Бакалавр, Сертификатын түвшний хөтөлбөрүүдээ 2019-2024 он хүртэл итгэмжлүүлсэн. Өнөөдөр бид олон улсын итгэмжлэгдсэн хөтөлбөр, үндэсний бэлтгэгдсэн боловсон хүчин, сургалтын системтэй баазтайгаар тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.