Христэч удирдлагын хөгжил ба сүнслэг сахилга бат

tumenbayr
2016-02-05 Түмэнбаяр
February 5, 2016
SOL_4017
2016-02-17 Пүрэвдорж
February 18, 2016
ubtc

Квай Лин Стивэнс

Христэч удирдлагын хөгжил ба сүнслэг сахилга бат

Ёс жудагтай христэч удирдагч нар их дутагдаж байна. Тиймээс удирдагч нарыг хэрхэн бэлтгэж байгаагаа дахин нягтлах хэрэгтэй болж байна. Удирдлагын хөгжилд ач холбогдол өгөхөөс илүү удирдлагыг дагалдуулахуйтай, агуулга хэлбэрийн хувьд бус харин зан чанартай холбон авч үзэхэд тус нийтлэлийн ач холбогдол оршино. Удирдагчид дагалдагч бэлтгэхээс өмнө дагалдагчид байх ёстой. Удирдлагын хөгжил нь дараах гурван элементийг хослуулах шаардлагатай. Үүнд: оюун бодолдоо сахилга баттай байх (дуудлага ба дагалдахуй), зүрх сэтгэлдээ сахилга баттай байх (зан чанар), ур дүй (чадвар) гэсэн ойлголтууд хамаарна. Библийн сургуульд эдгээр сахилга баттай байх талбаруудыг хослуулахын тулд албан бус боловсролын арга хэлбэрүүдэд анхаарал хандуулах хэрэгтэйгээс гадна далд хөтөлбөрийн ач холбогдол, үлгэрлэн  үзүүлэхүй, менторлох, дадлагажуулах асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй.            

Удирдлага гэдэг үг өнөө үед анхаарлын төвд явдаг үг болжээ. Гэвч удирдагч гэж дуудуулахуйц хүн байна уу? Ямар хүнийг удирдагч хүн гэж үзэх вэ, тэд юу хийдэг, удирдагчдыг хэрхэн гаргаж ирдэг арга замуудыг Чуулганы хувьд ч тэр, мөн нийгэм дээр ч тэр өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Христ итгэлтэй холбоотойгоор авч үзвэл удирдагч хүн бол хүмүүсийг харанхуйгаас гэрэлд гаргах, Есүс Христтэй улам адил болоход чиглүүлэх чухал үүрэг даалгавар авсан хүн. Энэ үүрэг даалгавар бол хүмүүс гэм нүгэлдээ гэмшиж, өөрчлөгдөж, ариун хүмүүс болох гэж хичээж зүтгэж явааг харах явдал! Тэрчлэн энэ үүрэг даалгавар нь “бүх үндэстнийг дагалдагч болго” гэсэн Есүсийн өгсөн агуу захирамжийн нэг хэсэг. Энэхүү даалгаварт хувьсан өөрчлөгдөх үйл явц орно. Ингэснээр удирдагч нар үл өөрчлөгдөх энэ дэлхийн шаардлагыг сөрж, удирдлагын төлөө “хоосон гүйсэн байх вий” гэсэндээ хүчээс хүч үрүү шилжих хэрэгтэй болж байна.

Энэхүү нийтлэл нь дагалдахуйн үндсэн зарчмуудыг библийн сургуульд явагдаж буй сургалтуудтай холбоотойгоор гаргаж тавьж байгаа юм. Теологийн боловсрол олгодог сургуулиудад эдгээр сахилга баттай байх талбаруудад илүү анхаарал хандуулахыг уриалахад энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршиж байна. Ингэснээр өөрт нь даалгагдсан зүйлсийг хүмүүс мэдэж, дагалдагчид бэлтгэж, маргааш үеийнхэнийг удирдан чиглүүлэх боломжтой.

Оюун бодолдоо сахилга баттай байх:

Дуудлага ба Дагалдахуй

Удирдлага гэдэг нь хэн нэг хүний хувийн амбиц, авьяас чадварын асуудал бишээ. Энэ нь дуудлага бөгөөд удирдагч хүн Бурханы дуудлагад дуулгавартай байна гэсэн ухамсартай шийдвэр юм. Дуулгавартай дагах хүч чадал нь хүнд угаас байдаг төрөлхийн зүйл биш бөгөөд энэ нь хүний хүсэл зоригийн сахилга баттай байдал юм. Зүрх сэтгэлийн шинэчлэл хэмээх алдартай номондоо Даллас Виллард “Хүний хүсэл тэмүүлэл гэгч нэн тэргүүнд бурханлаг мөн чанартай холбоотой байх ёстой ба ингэсэн нөхцөлд энэ нь хувь шинж чанарыг бүхэлд нь удирдах хэмжээнд хүртлээ тэлэх учиртай” (Виллард 2002, 39) гэж бичсэн байна. Есүс ч мөн энэ сурах үйл явцыг алгасаагүй. “Тэр Хүү нь байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан” (Еврей 5:8). Бид бие махбодоор оршидогоос гадна “сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой” (Матай 26:41) учраас байнгын сахилга баттай байх шаардлага урган гарч байна.

Есүс Петр, Андрей, Яакоб нарыг дуудаад “Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно” (Матай 4:19-21) гэж хэлсэн. “Ир, намайг дага” гэсэн энэхүү урилгыг хуулийн багшид (Матай 8:22), Матай болон Лэвид (Матай 9:9, Марк 2:14), хөрөнгө мөнгө ихтэй залуу удирдагчид (Матай 19:21), Филип болон Натанел (Иохан 1:43-49) нарт өгсөн. Уригдсан хүмүүсийн хувьд хийх ёстой эхний зүйл нь удирдах бус, харин Есүсийг дагах явдал байсан.

Петр болон бусад дагалдагчдыг “хүмүүсийн загасчид”, Чуулганы удирдагчид болгон гаргаж ирэхдээ Есүс тодорхой удирдлагын талаар маш бага зүйлийг хэлсэн. Петр өөрөөс нь гурван удаа урвасны дараа ч Есүс “Намайг дага. Чи намайг дагах ёстой” (Иохан 21:19,22) гэж өмнө нь өгсөн урилгаа дахин өгсөн. Ингэж хэлэхдээ хүч чадал, эрх мэдэл болон бүтцийн талаар огт дурьдаагүй. “Удирдлага гэдэг бол захирч тушаах, хянах, зохион байгуулах гэхээс илүүтэй дагаж сурахтай илүү холбоотой” (Бенет 1998,1) тул Петр дагалдахгүйгээр “хүмүүсийн загасчин” болох боломжгүй байсан.

Дагана гэдэг нь бидний дийлэнхийн хувьд төрөлхийн зүйл биш бөгөөд энэ нь академик төвшинд хааяа л яригддаг, заагддаг ойлголт юм. Есүсийг дагаж, бусдыг удирдан чиглүүлэхээр зорьж буй хүмүүсийн хувьд өөрсдөө эхлээд дагалдагчид боолх ёстой. Үр нөлөөтэй удирдлага бол ямагт идэвхтэй дагалдахуйтай холбоотой.

  1. Бурханы дуудлагыг дагах сахилга бат   

Дагалдахуйтай холбоотой нэг тулгуур ойлголт бол эзэмшил юм. Бид хэний эзэмшил вэ? Хэн бидний эзэн бэ? “Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан” (1 Коринт 6:19-20) хэмээн Паул Коринт хотынхонд хандаж бичсэн байдаг. Аврал нь үнэгүй ирсэн гэдэг нь хямдхан гэсэн үг үү? “Үнийг нь ярьж доош нь буулгасан хямд нигүүлсэл” гэж ойлгосноос болж итгэгчид дуудлага болон бурханлаг амьдралдаа хайнга ханддаг.

Хэрхэн дуудагддаг үйл явцыг ойлгохын тулд Иеремиаг удирдагчийнх нь үүднээс авч үзэж болно. Бурхан Иеремиаг дуудах үед тэр залуу, амьдралын туршлагагүй, айдсаар дүүрэн хүн байсан. Гэвч Бурхан түүнд “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмө Би чамайг ариусгаж, чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон” (Иеремиа 1:5) гэж хэлсэн.

Иеремиаг Бурхан бүтээсэн: Удирдагчид Бурханаар бүтээгдсэн гэдгээ, мөн Бурхан тэднийг мэддэг гэдгийг мэддэг. Бурхан л хүний яс үндэс, угсаа гарал, арьсны өнгө болон эрэгтэй эмэгтэйн аль нь болгож төрүүлэхээ шийддэг. Эдгээр сонголтуудын тухайд Бурхантай мэтгэлцэх бүтээл гэж үгүй. Бурхан өөрсдийг нь бүтээсэн гэдгийг удирдагчид мэдэж байх ёстой ба энэ нь талархах ёстой нэн тэргүүний зүйл юм. “Та өөртөө үнэхээр сэтгэл хангалуун байдаг бол бусдыг гаргуунаар удирдан чиглүүлэх болно” гэсэн үг бий. Өөрийнх нь төгс дүр төрх биднээс илрэн харагдах хүртэл Бурхан ажилласаар байдаг.

Иеремиа Бурханаар сонгогдсон, мөн ариусгагдсан: Христэд итгэгч удирдагчид Бурханаар сонгогдож, мөн Бурханаар ариусгагддаг. Бурхан биднийг эхэлж сонгон, өөрийн онцгой хүмүүс болгон тусгаарласан. Удирдлага гэдэг бол яаран зуурч авах хүч чадал биш, харин Бурханаас тохоон өгөгдсөн завшаан юм. Бусдыг удирдан чиглүүлэх завшаан тохиосон тэдгээр хүмүүс амьдралаа тусгаарлаж, Бурханы дуудлагад нийцсэн тийм хэв маягаар амьдрах ёстой. Цэвэр болсон сав суулга, өөрийгөө хоосолсон байдал, Ариун сүнсээр дүүрэн байх зэрэг нь Эзэний хэрэглээнд нийцнэ.

Иеремиа Бурханаар томилогдсон: Иеремиа бусад улс үндэстний хорон муу байдал, завхайрал болон шударга бус байдлыг хараад явах шийдвэрийг гаргаагүй, харин Бурхан түүнийг томилсон учраас явсан. Бурханы дуудлага болон томилгооны талаар тодорхой ойлголтгүйгээр үйлчлэх нь аюултай.

Дуртай хүн бүр удирддаггүй. Энэ нь сонгогдсон цөөн хүмүүстэй л холбоотой. Цугласан олноос Есүс далыг сонгосон, мөн тэдгээр далан хүнээс арван хоёрыг сонгосон, тэдгээр арван хоёр хүнээс Петр, Иохан, Яакоб нарыг сонгосон. Дагалдахуйн талаарх 19-р зууны сонгодог зохиол болсон Арван хоёр шавийн сургалт хэмээх номондоо А.Б.Брүүс дараах сонирхолтой анализийг хийсэн байна:

… Шавь нарын Түүнтэй нөхөрлөсөн нөхөрлөлөөс гурван үе шатыг тодорхойлж болно. Эхний үе шатанд тэд энгийн л итгэгчид байсан. Энэ үедээ тэд Түүнийг Христ гэсэн өнцгөөс харж, баяр тэмдэглэх … гэх мэт таатай сайхан үеүдийг хамтдаа өнгөрөөж, нөхөрлөж байсан. Хоёрдахь үе шатанд, Христтэй нөхөрлөх нөхөрлөл нь Есүс бол хүн байсан, үгүйдээ л жирийн ажил төрөл эрхэлж байсан нь үүнийг харуулж байна гэдэгт баттай итгэхтэй холбоотой байсан. Есүсийг дагаж байсан түмэн олны дундаас арван хоёр шавь сонгогдсон тэр үеэс шавь нар нь дагалдуулалтын хамгийн сүүлийн мөн хамгийн өндөр үе шатанд орсон. Тэр үеэс шавь нар сонгогдсон баг болж, элчийн агуу үйлс хийхэд бэлтгэгдэж эхэлсэн. (Брүүс 1894/1971, 11-12. Italics фонтоор бичигдсэн хэсэг)

Дагалдагчдыг удирдлагын хувьд тэнцүүлж буй зүйл нь тэдний гарал үүсэл, диплом эсвэл хуримтлуулсан туршлага бус, харин Бурханы дуудлага гэдгийг дагалдагчид ойлгох ёстой. Бурханы дуудлага болон Түүний эзэмшил гэгч нь ямар утгатай болохыг бид ойлгох тусам илүү их бууж өгч, бага эсэргүүцэх болно. Энэ нь биднийг даруу, итгэмжтэй болоход мөн биднийг дуудсан Нэгний өмнө хариуцлагатай байхад тусалдаг.

  1. Есүсийн үлгэр дуурайллыг дагах сахилга бат   

Дагалдуулалт нь ямар нэг зүйл үрүү биднийг хүргэх ёстой. Энэ нь бид ямар байхаар дуудагдсан тийм оюуны зураглал уруу хүргэнэ гэсэн үг. “Надаас суралц” (Матай 19:30) гэж Есүс хэлсэн. Тэрээр Бурхантай, ард олонтой, шавь нартайгаа, эрчүүдтэй, эмэгтэйчүүдтэй, насанд хүрсэн хүмүүстэй, хүүхдүүдтэй, хөршүүдтэйгээ, дайснуудтайгаа тэрчлэн баян болон ядуу хүмүүстэй хэрхэн харилцахыг үлгэрлэн харуулсан.

Христийн амилалт нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн агуу гайхамшиг байсан. Есүс бие махбодоор оршиж байсан тул бидэнд Бурханы төгс дүр төрхийг харуулсан (2 Коринт 4:4). Биднийг нүдээр үзэж, хэрхэн амьдрахад суралцуулахын  тулд Есүс бодит бие махбодоор оршсон Бурханы дүр төрх байсан. Үүнийг ойлгосон Петр “… та нарыг өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн …” гэж бичсэн байдаг (1 Петр 2:21). Шавь нараа сургаж байхдаа Есүс зориудаар амьдралын хэв маяг, ур чадвар болон зан чанарын хувьд даган дуурайх үлгэр дуурайллыг үзүүлсэн. Тэрээр хэрхэн эгэл байх, нээлттэй тайлагнах, захирагдах, даруу байх, дөлгөөн байх, уучлах зэрэг олон зүйлсийг харуулсан. Мөн хэрхэн залбирах, мацаг барих, номлох, зугтахгүйгээр нүүр тулах, эдгээх, үйлчлэх, нөхөрлөх болон уучлахыг харуулсан. Есүсийн амьдрал бол Аавыгаа үлгэрлэн дуурайсан амьдрал байсан бол дагалдагчдын хувьд Есүсийг дуурайх явдал байлаа. Есүс дайснуудаа хайрлаж байсан шиг дайснаа хайрлах, өөрсдийг нь хавчиж буй хүмүүсийн төлөө залбирах, тэнгэр дэх Эцгийн хүүхдүүд хэрхэн биеэ авч явах ёстой тэр л байдлаар явах ёстой байсан (Грифитс 1985,43).

Есүс бидний Эзэн бөгөөд бид түүний дагалдагчид юм. Түүнийг даган дуурайна гэдэг бидний өгч чадах агуу өргөл мөн бидний эргүүлэн өгч чадах агуу талархал юм. Удирдлага гэдэг бол байр суурь биш, мөн ямар нэг хийж гүйцэтгэсэн зүйл бишээ. Энэ нь Эзэнийгээ дагаж, Түүний дуудлагыг гүйцээхийн тулд бидэнд байх ёстой тэр харилцаа юм. Үүрэг хариуцлага болон эрх мэдлийг бидэнд тохоон өгсөн бол энэ нь бидэнд олдож буй завшаан билээ. Түүний дуудлагыг дагах бидний чадвараас Есүс шиг удирдаж чадах эсэх нь хамаарна гэсэн үг.

Зүрх сэтгэлийн сахилга бат: Зан чанар

Христийг даган дуурайна гэдэг амьдралын турш үргэлжлэх зорилго бөгөөд үүнд хүрэхийн тулд бид өөрсдийгөө зориулах учиртай. Нийгэм дээр олон сургуулиуд оюутнуудын тоо, тэднийг олноор төгсгөхөд анхаарч байгаа боловч чанарын асуудал, оюутнууд хэр зэрэг итгэл даахуйц байна гэдэгт тэр бүр анхаарал хандуулдаггүй. Удирдлагын хөгжилд зан чанарыг төлөвшүүлэх нь чухал болохыг дараах тоон үзүүлэлт харуулж байна:

Хятадын Цагаан хэрэм нь Монголчуудын дайралт довтолгооноос хамгаалах зорилгоор баригдсан. Хэрэм нь 2400 км үргэлжлэх ба ханын зузаан нь 4-12 м,  өндөр нь 6-15м аж. Хэрмийн хана нь авирах аргагүй өндөр, эвдэхийн аргагүй зузаан, хэрмийн хувьд тойрох аргагүй урт байсан ч түүхэнд гурван ч удаа эзлэгдсэн гэж бий. Тухай бүрт хэрмийг эвдэн нураах оролдлого огт хийгдээгүй ба харин хэрмийн хаалгачид хахууль өгч, Монголчууд хот уруу нэвтрэн орсон байдаг. Маш их хөрөнгийг ханан хэрэм барихад зарцуулсан хэдий ч хаалгач нарынхаа зан чанар болон төлөвшилтийн төлөө багахан мөнгө зарцуулсан учраас сүйрэл ирсэн. (Вэбб 2001, 6)

Чуулган болон нийгэм дээр төлөвшсөн удирдагчид, бусдад үлгэр дуурайл болохуйц амьдардаг, шударгаар удирдан чиглүүлдэг хүмүүс дутагдаж байна. Харамсалтай нь өнөө цаг үед агуулга бус харин тодорхойлолт нь илүү чухалд тооцогдож байна. Чуулган болон библийн сургуулиуд үүнтэй адил хавханд орохоос сэргийлэх ёстой.

Бурханлаг удирдагчид гаргаж  ирэхийн тулд анхаарах гол асуудал бол зүрх сэтгэлийн сахилга бат юм. “Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь тэндээс амийн булаг ундран гардаг” (Сургаалт үгс 4:23). Зүрх сэтгэл бол аливааг зөвхөн мэдэрдэг газар бус, энэ нь оршин байх газар. Цэвэр зүрх сэтгэл нь цэвэр, өөрчлөн шинэчлэгдсэн зан чанарыг бий болгодог. Юун түрүүнд мөн эцсийн эцэст сүнслэг удирдагчид сүнсний хайгуулчид, өөрсдийгөө өөрчлөгчид байх хэрэгтэй (Бартон 2008, 29).

  1. Зуршлуудын тухайд сахилга баттай байх нь             

Зан чанар бол нэг хоёр өдрийн дотор эсвэл бидэнд таатай сайхан байх үед бүрэлдэн бий болдог зүйл бишээ. Энэ нь хэр их дадлага хийж байгаатай холбоотой ойлголт. Зориудаар тухайн зүйлийг хэрэгжүүлж, дадлага хийх нь хэмнэлийг бий болгодог. Энэ нь өөрөө ч анзаарахгүйгээр хийж үйлддэг зүйл болж улмаар зан чанарыг бүрэлдүүлдэг. Зан чанар гэдэг бол зуршлуудын нэгдэл юм. Сайн зуршил сайн зан чанарыг бий болгодог бол муу зуршил сөрөг нөлөөг бий болгодог. Цэвэр байдал, шударга байдал, даруу байдал гэх мэт зүрх сэтгэлийн зуршлууд нь олон жил тэсвэр тэвчээртэй байж, эргэлзэлгүйгээр сахилга баттай байсны үр жимс билээ. Бардамнал болон үхлийг авчирдаг муудсан, завхарсан хандлагуудаас ангижрахын тулд хүний зүрх сэтгэл байнга сахилга баттай байх шаардлагатай. Ингэхийн тулд зүрх сэтгэл нь үнэн, цэвэр, хүсүүштэй, Бурханд тааламжит зүйлсийн хойноос явах хэрэгтэй.

Сүнслэг тал дээр сахилга баттай байхыг хичээх нь зүрх сэтгэлээ хамгаалахад тустай. Сахилга баттай байдал нь бидний идэж ууж буй, өмсөж зүүж буй, сонсож буй зүйлсийн хувьд мөн биднийг амьдралыг дүүргэж байгаа завгүй байдал үүсгэсэн тэдгээр зуршлуудад хил хязгаарыг тогтоож өгдөг. …:

25 жил тахилч хийсний дараа би өөрийгөө залбирахдаа ч маруухан, бусдаас тусгаарлагдан амьдарч байгаагаа анзаарсан юм… Гэвч амжилт маань л намайг аюулд оруулсан гэдгийг дотроос минь хэлсээр байв… Нэг өглөө би сэрээд өөрийгөө маш харанхуйд амьдарч байгааг ойлгосон юм. Сүнсний хувьд үхмэл байдлыг тодорхойлдог нэр томьёо нь сэтгэл зүйн гүн хямрал гэдэг үг аж. (Нөүвэн 1989,10)

Бүх удирдагчид шүүмжлэлд өртөж, ганцаардалд орж, туслах хүнгүй болох үетэй нүүр тулдаг. Удирдагч нар байнга ямар нэг зүйл хийх ёстой гэсэн завгүй хуваарьтай үед “сүнсний үхэл”-ээс яаж сэргийлэх вэ?

  1. Сүнслэг сахилга баттай байх зуршлууд

Баттай нэг арга бол ариун хүмүүсийн хэрэгжүүлж байсан алхамуудыг дагах явдал юм. Ингэхийн тулд сүнслэг талбар дээр сахилга баттай байх зуршлыг бий болгох хэрэгтэй. “Сахилга баттай байхын үр шим” гэсэн номондоо Ричард Фоүстер 12 сүнслэг сахилга баттай байдлыг бүлэгчлэн дотоод, гадаад, хамтын сахилга бат гэж 3 хэсэгт хуваасан байдаг. Библийн сургуулиуд ч юмуу орчин үеийн Христэч удирдлагын хөтөлбөртэй газруудын хувьд оролцогчид нь өөрсдөдөө болон дараа үеийнхэнд санаа тавих шаардлагатай бол эдгээр зарчмуудыг сэргээж байх шаардлагатай. Тэдгээр зарчмууд нь ангид явагдах хэлэлцүүлэг бус, харин амьдралын хэв маяг болох ёстой.

Залбирах, тунгаан бодох бясалгах, ганцаараа байх, гэмээ хүлээн зөвшөөрөх, амралтын өдрийг сахих, мацаг барих нь дагалдагч нарын хэрэгжүүлж байх хэрэгтэй, зуршил болгохоор зүйлс юм. Сүнслэг сахилга баттай байхын зорилго нь “Христтэй хамт байх”, “дэлхийгээс тусгаарлагдах” бөгөөд үүний үр дүнд бид энэ дэлхийд үр дүнтэй амьдарч чадна. Нэг талаар энэ нь эрхэлж буй ажил төрлийн өмнө анхаарч үзэх хэрэгтэй бас нэг ажил юм. Энэхүү зорилго нь хурдтай урагшилж буй хөл хөдөлгөөн ихтэй, нэг зүйлээс нөгөө үрүү хурдан шилжих шаардлагатай энэ цаг үед Христэд итгэгчид тэнцвэртэй байж, үнэн дээр амьдралын хэмнэлээ суурилуулж, мөнхийн үнэ цэнэтэй зүйлсээс салахгүй зуурч амьдрахад туслана. Эдгээр сахилга баттай байдалд хүмүүс суралцаж, өөрсдийн хувьд зуршил болгох үедээ айдас, уур бухимдал, зүрх сэтгэлдээ харанхуй байх, яахаа сайх мэдэхгүй байх зэрэг байдалд орох болно. Зүйрлэвэл сүнсний сахилга баттай байдал нь тоос арчих, цэвэрлэгээ, угаалга гэх мэт гэрийн ажилтай адил сүнсний цэвэрлэгээг хийж өгдөг. Ингээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр оюун бодол маань шинэчлэгдэж, зүрх сэтгэл маань сэргээгдэж, “бурханлаг” байдлын үр жимс гарах болно. Байнга бурханлаг байхыг хүсэн тэмүүлсэн амьдралын хэв маяг нь амьдралын энгийн хэмнэл болж, бидний зан чанарт нөлөөлөн улмаар удирдлагын хэв маягтай маань алгуурханаар сүлэлддэг. Ингэснээр бид “дотроосоо” удирддаг.

Цаг наргүй ажилладаг өнөө үед удирдлагын төвшинд үйлчилж байгаа олон хүмүүсийн хувьд эдгээр сонгодог гэж хэлж болохоор сахилга баттай байдлыг өөрсөддөө бий болгох нь туйлын бэрхшээлтэй байна. Ерөнхийдөө тэд арга хэрэгсэл эсвэл арга замаа мэдэхгүй байна. “Христтэй адил байх алсын хараа болон Христийг дагана гэсэн бат шийдэл нь тэдгээр зүйлсийг хэрэгжүүлэх арга хэрэгслийг хайх байдал уруу аяндаа хөтөлдөг” гэж Виллард хэлсэн байна (Виллард 2002,61). Цаг хугацаанд захирагдан хүмүүсийн аясаар хөдлөх үү эсвэл Христтэй адил болсон дотоод хүнээр удирдуулах уу гэсэн асуултын хариу нь удирдлагын хувьд юуг нэн тэргүүнд тавьж байгаа вэ гэдгээс хамаарна.

Сүнсний сахилга баттай байдал нь зөвхөн хувь хүний сэтгэл ханамжийн төлөөх зүйл биш юм. Эдгээр нь “хөршөө өөрийн адил хайрлах” гэж илэрхийлсэний дагуу олны дунд ороход мөн тустай. Хөршүүдийнхээ сайн сайхны төлөө мөн тэдний өмнөөс Христэд итгэгчид “шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх” (Мика 6:8) гэсэн тушаалын дагуу зуршил бий болгох хэрэгтэй. Иймэрхүү зохицуулалт нь байнга ямар нэг үйлдлийг шаарддаггүй. Заримдаа нээлттэйгээр хүлээн авч сонсох, хэрэгцээтэй зүйлсээр нь хүмүүст туслах, ололт амжилтаа хуваалцах шаардлага ч гарч ирж болох юм.

Паркер Палмер “Хүмүүсийг ойлгож, хамтдаа инээнэ” (хүмүүсийг шоолж бус) гэдэг нь амьдралд хошин шог болон эмгэнэлтэй байдал ээлжлэн ирэх тэр үед адилхан хүн гэдэг утгаар бусдыг ойлгохыг хэлнэ гэжээ (Палмер 2004, 153). Мөн “хүмүүсийг ойлгож, дуугаа хураах” гэсэн ойлголт байх ба энэ нь хүмүүс бие биетэйгээ холбогдож, үнэнийг бие биедээ тараахад тустай (155). Энд яригдаж буй гол асуудал нь амьдралыг сайн сайхан, эрээнтэй бараантай нь хамт угтан авахтай холбоотой байна. Жинхэнэ сүнслэг байдал гэдэг бол энэ хоёр талтай ойлголтын  тэнцвэртэй байдлыг олж тогтоон, энэхүү амьдралаар амьдарна гэсэн үг.

Дагалдагч нар байгаа нөхцөл байдлаасаа үл хамааран бусадтай зөв харилцаа үүсгэхэд үйлчлэх, баяр хөөрөө тэмдэглэх, мөргөл өргөх, нөхөрлөх, зочломтгой байх, буруугаа хүлээн зөвшөөрөх зэрэг нь тустай. Заримдаа амьдралд баярлан бахдаж, Бурханы ер бусын оршихуй болон түүний өнө мөнхийн хайранд умбах үе байдаг бол зовлонд орсон хүмүүсийн уй гашууг хуваалцах тийм үе ч байдаг. Аль ч үед бид зүрх сэтгэлээ нээн хүмүүсийг сонсож, зовлонг нь хуваалцдаг. Энэ бол жинхэнэ хайр, халамжлалын үйлчлэл бөгөөд хамт байх цаг гаргаж, зовлонд орсон хүсүүсийг элэгсэгээр тосон авч, өгөөмрөөр хандах золиосын үйлчлэл юм:

Зүрх сэтгэл бол өгөөмөр билээ: Энэ нь хүмүүсийн хэрэгцээг ойлгодог.

Зүрх сэтгэл бол холыг хардаг билээ: Энэ нь цуцалтгүйгээр зовлонг туулдаг.

Зүрх сэтгэл бол найддаг: Бид зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, хүмүүстэй холбогдох замыг зүрх сэтгэл заадаг.

Зүрх сэтгэл бол бүтээлч билээ: Энэ нь биднийг ялагдалд оруулж болох бодит байдал болон утаа шиг замхрах ургуулан бодох байдлын дундуур явж болох замыг зааж өгдөг… (Палмер 2004, 184).

“Зүрх сэтгэл” гэгч энэ ойлголтын талаар Палмер шиг тун сайн дүрсэлсэн дүрслэл ховор бөгөөд энэ дүрслэл Бурханыхтай нэлээд дөхөж таарна. Есүсийн сүнслэг байдлыг авч үзье (Лук 6:12-19). Тэр шөнийг Бурхантай хамт өнгөрөөгөөд өглөө болоход дагалдагч нараа цуглуулж, хамт олныг бүрдүүлсэн. Дараа нь тэр дагалдагч нартайгаа цугласан олны сүнслэг болон бие махбодын бодит хэрэгцээг хангахаар явсан (Боа 2001, 418). Өрөвч зүрх сэтгэлийг хараад Бурханы зүрх сэтгэл ч мөн хөдөлдөг бөгөөд ийм зүрх сэтгэл хүмүүсийн төлөө цохилоход хэдийнээ бэлэн болсон байдаг аж.

Гарын үйлсийн хувьд сахилга баттай байх нь: Ур чадвар                                               

Христэд итгэгч хүмүүс бол “итгэлээр дамжуулан нигүүлсэлээр аврагдсан” хүмүүс билээ. Тэгвэл юуны төлөө аврагдсан юм бэ? Хариултыг Паулын бичсэн дараах ишлэлээс харъя: “Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ” (Эфэс 2:10). Итгэгчид “сайн үйлс хийхийн тулд аврагдсан” юм байна. “Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Матай 5:16) гэсэн Есүсийн өгсөн тушаал мөн холбогдож байна. Тиймээс бидний зүрх сэтгэл болон гарын үйлсийн хувьд аврал ямар үүрэг гүйцэтгэж, хувьсган өөрчлөх үйл явц хэрхэн явагдаж байгаагаас үл хамааран бид үйлдэхэд бэлэн байх ёстой. Үүнийг байнга сануулж байдаг нэгэн тодорхойлолт бий: Хямралыг амжилттай даван туулах нь тухайн хүн өөрийн оюун санаа болон бие махбодыг бүхэлд нь хамарсан зөв, цэгцтэй ойлголт бүхий өөрийгөө үзэх үзэл хэр гүн гүнзгий байгаатай нягт холбоотой байдаг (Виллард 1988,4). Бид гарын үйлстэй байна гэдэг нь биднээс аяндаа гарч байгаа үйлдэл бөгөөд бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогтой. Христэд итгэгч удирдагчид юу үйлдэж байна, энэ нь тэднийг хэн болохыг тодорхойлж байдаг.

Бурхан Давидыг өөрийн зарцаар сонгож, хонь хариулж байсныг нь болиулж, хүмүүсээ хоньчлох ажилд тавьсан. “Ингээд Давид тэднийг чин сэтгэлээс хариулж, гарынхаа ураар тэднийг удирдсан” (Дуулал 78:72) Чин сэтгэл нь гарын ур чадварт мөн аливаа зүйлсийг хийх арга замд нөлөөлдөг. Хоньчин байсан, дүүгүүр хэрэглэдэг байсан, зэрлэг амьтадтай тэмцэлдсэн, Голиаттай тулалдсан, ятга тоглодог байсан, дайн тулаанд орж байсан, гэм нүглийн зам дээр зогссон гэх мэт үйл явдлууд өрнөсөн олон жилийн турш Давид сургагдсан учраас ур чадвартай нэгэн болсон. Энэ бүх үеүд нь түүнийг хаан суудалд суухад бэлтгэл үе болсон.

Нүд ирмэхийн зуур хүн ур чадвартай болдоггүй. Дадлага хэрэгтэй. Зоримог, итгэлтэй байдлын хувьд ч тэр Давид шууд л дүүгүүрээр Голиатыг алаагүй! Үүнтэй адилаар дагалдуулалт ч мөн адил сүнсний сахилга баттай байдлыг бий болгох сургуулилалт дутагдсанаас болж явцуу хүрээнд явагддаг. Бид завхайрсан эмэгтэйн талаар зааж, номлож болох ч (Иохан 8) бидний дундаас цөөхөн хүн л тэр эмэгтэйтэй адил хүмүүст найрсгаар хандаж, найз нөхөд болох байх. Тэр эмэгтэйтэй адил ертөнцөд амьдарч байгаа хүмүүсийн ертөнцөд нэвтрэн ороход, мөн танхимын бус орчин нөхцөлд бодит дадлага хийнэ гэдэг ур дүй шаардсан ажил.

Гарын үйлсийн хувьд сахилга баттай байна гэдэг нь бид чуулгандаа өөрсдийн хувь нэмрийг хэрхэн оруулах,  эргэн тойронд буй хөршүүдтэйгээ хэрхэн харилцах тал дээр анхаарал хандуулахыг хэлнэ. Сургаалт үгс 31-т гарын ур чадварын талаар маш сайхан дүрслэл бий. Мэргэн ухаантай эмэгтэй худалдан авах, зарах, оёх, засвар хийх, зарц нарт чиглүүлэг өгөх, газар тариаландаа санаа тавих        гэх мэт ажлыг амжуулах олон талын ур чадвартай хүн аж. Тэрээр гараа хумхилгүй ажилладаг (13), түүний гар улам хүчтэй болдог (17). “Гартаа ээрүүл барьж, хуруугаараа шаламгай ажиллана. Ядуу хүнд гараа сунгадаг. Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг” (19-20). Зохиогч дүрслэлээ тунхагласнараар өндөрлөж байна: Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон. Харин Эзэнээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай” (31). Эмэгтэйн зүрх сэтгэлийн сахилга бат (“Их Эзэнээс эмээдэг) болон гарын үйлсийн сахилга бат хоорондоо тэнцвэртэй байна. Гарын үйлсийн ийм сахилга баттай байдал магтагдах болно.

Оюун бодол, зүрх сэтгэл болон гарын үйлсийг хослуулах нь

Христэч удирдлагын хөгжилд мөн библийн сургуулийн олгож буй боловсролд агуулга нь зан чанартай хосолж, мэдээллийг дамжуулж буй байдал сүнсний хувьсан өөрчлөгдөх үйл явцтай холбогдох ёстой. Хэрэгжүүлэлтгүй бол мэдэх болон үйлдэх гэсэн хоёр үйл нь хоорондоо хоршиж чадахгүй. Оюун санаа, зүрх сэтгэл болон гарын үйлсийг хоршуулж удирдагчдыг бэлтгэнэ гэдэг теологийн боловсролын хөтөлбөрт тусгагдсан байх ёстой. Учир нь хосломол байдал нь сурах арга хэлбэрт суурь нь болж өгдөг.

  1. Албан бус боловсрол: Зориудын үйл явц  

Албан бус боловсрол гэдэг нь сурах үйл явцыг илүү өргөн цар хүрээтэй болгохын тулд оюутанд болон нөхцөл байдалд үүсэж буй өөрийн гэсэн онцлогтой хэрэгцээнд зориулан заагдаж буй агуулгыг сургуулийн уламжлалт системээс гадуур зориудаар, системчилсан байдлаар өгөхийг хэлнэ (Клейс э ол 1973, 6). Энэ нь багш нарт тодорхой бэрхшээлийг бий болгодог:

Албан бус сургалтын багш илүү уян хатан байж, оюутнуудын тус тусын хэрэгцээ болон байнга өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахын тулд бэлэн байх шаардлагатай. Ардчилсан ба шууд бус удирддаг удирдлагын хэв маяг нь албан бус хэлбэрт тохирдог. Харин шууд удирдлага төдийлөн сайн тохирдоггүй боловч харин танхимын нөхцөлд илүү тохирдог. (Этлинг 1993, 74)

Сургуулийн хөтөлбөрт хичээлээс гадуур тусгагдсан олон аргууд нь сургалтын агуулга, суралцагсдын зан чанар, ур чадварын хоорондын уялдаа холбоог сайжруулж өгдөг. Ихэнхдээ үндсэн шаардлагууд нь сургуулийн хөтөлбөрт тусгагдаж, хөтөлбөрийн дийлэнх хувийг эзэлдэг. Ингэснээр хичээлээс гадуурх олон аргуудыг хэрэглэх боломж бараг гардаггүй. Гэвч сайн христэч удирдагчдыг төрүүлдэг үнэ цэнэ, хандлага, ур чадвар, зан чанар гэх зэрэг ойлголтуудыг танхимд бүрэн утгаар нь заах боломжгүй. Тиймээс сүнсний сахилга баттай байдалд суралцах, үйлчлэхэд уриалсан зориудын мөн тогтмол цаг хугацаа болон орон зайг суралцагсдад гаргаж өгөх хэрэгтэй. Сүнслэг зуршил, сүнслэг зан чанар, чадвар, ур дүйг бий болгох тал дээр анхаарал хандуулах ёстой. Үүнийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй бөгөөд сургуулийн үндсэн хөтөлбөр явагдаж байх үед аяндаа бий болох зүйл гэсэн байдлаар үзэж болохгүй.

Удирдагчдыг сүнслэг тал дээр нь илүү өсгөж хөгжүүлэхийн тулд хичээлээс гадуурх байдлаар ямар арга барил ашиглаж, ямар нөхцөл байдал үүсгэж болохыг бүтээлчээр эрж хайх хэрэгтэй. Сүнслэг өсөлт хөгжил нь анги танхимд, номын санд, гадаа талбайд, эсвэл хамт сурдаг найзындаа байхад явагдаж болно. Мөн оюутан ганцаараа, хэн нэгэнтэй хоёулаа эсвэл жижиг бүлгээр, тэрчлэн анги нийтээрээ байх үед ч явагдах боломжтой. Сүнслэг сахилга батын талаар ангийнхантайгаа хийх ярилцлага болон энэ талаарх теологийн форум уулзалт нь теологийн онолуудыг хувь хүний амьдрал, чуулган болон нийгэм дээрх асуудлуудтай холбож өгдөг. Тухайн орон нутагт үйлчилж буй удирдагчдын оролцсон форум уулзалт нь оюутнуудад өөрсдийнх нь эргэн тойронд байгаа итгэгч болон үл итгэгч хүмүүсийн хэрэгцээг тодорхой олж харахад тусалж болох юм. Ингэснээр оюутнууд болон сургууль нь оршин буй газартаа үүссэн нийгмийн асуудлуудад хойш суулгүйгээр шуурхай хандаж чадна.

  1. Далд хөтөлбөр ба загвар үзүүлэх нь   

Далд хөтөлбөрийн ач холбогдлыг хүмүүс сайн мэднэ. ..

  1. Менторлох болон дасгалжуулах нь

Удирдлагын хөгжилд агуулга чухал байр суурь эзэлдэг ч номноос сурч авч, өөрийн болгож чадахааргүй чухал чадварууд гэж бий. Үүнд: авьяас бэлэг, дуудлага, зориулалт гэх мэт ойлголтууд орно. Эдгээр ойлголтуудыг менторлох үйл явцаар илүү сайн ойлгох боломжтой. Удирдлагын сургалтын нэг хэсэг болгож менторлох нь үр дүнтэй. “Удирдлага гэдэг нь чамтай болон чиний юу хийж байгаатэй холбоотой ойлголт. Халамжлагч гэдэг бол ямарваа нэг ажлыг дагалдагчаасаа илүү сайн хийдэг хүнийг хэлэхгүй. Харин дагалдагч нараа өөрөөсөө ч илүү болгож чадах тийм хүнийг хэлнэ” (Энгстром ба Рохрер 1989, 13).

Менторлох гэдэг нь заахаас илүүг шаарддаг. Үнэ цэнэ, ур чадвар, хандлага гэх мэт зүйлсийг суулгах үйл явцтай холбоотойгоор цаг гаргах, залбирах, харилцаагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулах хэрэгтэй болдог (73). Танхимд явагддаг хичээл бол хувцасны хэмжээгээр зүйрлэвэл “бүх хүнд таардаг нэг размер” шиг явагддаг бол менторлоно гэдэг нь тухайн хүний хэрэгцээ болон чадамжид суурилдаг. Христэч үйлчлэлд харилцааны, холбоо харилцаа үүсгэх, баг байгуулах, хүмүүсийг удирдан зохион байгуулах чадвар шаардагддаг. Хоол хийх, цэвэрлэх, зочломтгой байх чадвар нь үйлчлэгч удирдагчдад хэрэгтэй байж болох юм. Эдгээр зүйлсийг жинхэнэ утгаар нь хувьчилсан харилцаанаас сурах боломжтой. Танхимын аргаар багаханыг л сурдаг.

Менторлох, дасгалжуулах, удирдлагын үндсэн чадваруудыг үлгэрлэн харуулах үйл явц нь зөвхөн хичээлийн танхимд явагдах бус харин өөр арга хэлбэрүүдээр явагдаж байж хамт олноороо үр дүнтэй суралцана.

Дүгнэлт

Христэд итгэгч удирдагч нарыг төрүүлэн гаргахад оюун бодолдоо сахилга баттай байх, зүрх сэтгэлдээ сахилга баттай байх болон гарын үйлсийн хувьд сахилга баттай байх гэсэн эдгээр сахилга батууд тун чухал. Эдгээр сахилга баттай байдлууд нь гурван өөр элемент шиг илэрхийлэгдэж болох ч үнэндээ эдгээр сахилга батууд нь хоорондоо холбоотой ойлголтууд юм. “Бүх үндэстнийг дагалдагч болгох” үүрэг хүлээсэн христэч удирдагч нарын хувьд юуны түрүүнд удирдлага бол Есүсийг дагах аялалаар эхэлдэг гэдгийг ойлгосон дагалдагчид байх хэрэгтэй. Энэ аялалыг хийх дөт зам, хурдавчилсан арга гэж байхгүй. Дагалдагчид болон дагалдагч бэлтгэж буй хүмүүсийн аль аль нь сүнсний өсөлт хөгжилтийн амьдралын турш явагдах энэхүү үйл явцад идэвхтэй оролцоход өөрсдийг зориулах хэрэгтэй. Энэ бол цаг гарвал хийх хэрэгтэй, эсвэл хөтөлбөрөөс гадуур тусгагдах зүйл байж болохгүй.

Парк Палмераас Рүүт Бартон иш татаж ингэж бичсэн байна: “Удирдлага бол сайнаасаа илүү саар нөхцөл байдлыг үүсгэдэг тул удирдагч гэдэг нь өөрийнх нь дотор болон мөс чанарынх нь хувьд болж байгаа зүйлсэд онцгой хариуцлагатай хандах ёстой хүн юм” (Бартон 2008,38). Гэвч дийлэнх тохиолдолд маш бага цагийг энэхүү үйл явцад зориулдаг. Жинхэнэ удирдлагыг бий болгоход зориулж болох хамгийн шилдэг, хамгийн их хэрэгтэй байгаа бэлэг бол өөртөө болон өрөөлд сүнслэг зан чанарыг төлөвшүүлэх цаг хугацааг өгөх явдал. Хэчнээн завгүй байсан ч багш нарын баг эдгээр сүнслэг сахилга баттай байдлыг хөгжүүлж, улам бататгахын тулд зориудаар цаг гаргах шаардлагатай. Ингэх нь хувиа хичээсэн хэрэг биш бөгөөд цагийг дэмий үрж байгаа асуудал ч биш юм. Учир нь эргэн тойрондоо байгаа хүмүүст өгч чадах бидний хамгийн агуу бэлэг бол бид өөрсдөө билээ (Палмер 1991,29).

Итгэгчид сүнслэг талбар дээр сахилга баттай байвал Бурханы оршихуйд бат суурилагдах ба улмаар Түүний дотор өөрсдийнхөө хэн болохыг мэдэж, аюулгүй байх боломжтой. Зүрх сэтгэл болон амьдрал маань Бурханы дүр төрхтэй адил болж хувьсан өөрчлөгдөж байгаа тийм амьдралаар амьдрах боломжийг сүнсний сахилга баттай байдал л нээж өгдөг. Бид гадаад орчны шаардлагад нийцэх гэж амьдрах бус, харин дотоод хүч болон бүтээлч байдлаараа удирдуулах болно. Бидний энэ алхамууд нь чуулган болон нийгэмдээ сөргөөр бус эерэгээр нөлөөлөх болно. Энэ нь Христэч теологийн боловсролын цөм ойлголт юм.