Хичээлийн эрхлэгчийн МЭНДЧИЛГЭЭ

ubtc
2015-02-27-Чой Бён Хю
February 27, 2015
SOL_4017
2015-03-04-Пүрэвдорж
March 6, 2015
tumenbayr

Хотол түмнээрээ хонин жилээ угтан аваад удаагүй байна. Хоньдын Хоньчин та бүхний сэтгэлийг хоньчлон, шинэ жилд, хэний ч учраагүй тэрхүү үл мэдэх ирээдүй рүү итгэлтэйгээр хөтлөн дагуулж байгаа гэдэгт итгэж байна. Эзэн бидэнтэй хамт байгаагүйсэн бол өдий зэрэгтэй байхгүйсэн. БСТ-ийн маань туулж өнгөрөөсөн 20 жил бол Эзэн Есүстэй хамт алхсан итгэлийн он жилүүд байлаа.

Та бүхэндээ БСТ-ийн нэрийн өмнөөс шинэ жилийн болон удахгүй тэмдэглэн өнгөрүүлэх 20 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Бурхан та нарыг маань ерөөх болтугай.

Энэ сацуу та бүхэндээ БСТ-д болж буй томоохон үйл явдлыг танилцуулж байна. Нөгөө талдаа та бидний зайлшгүй Эзэнд дуулгах “залбирлын сэдэв” юм шүү.

Өнгөрсөн 2014 оны хавар Азийн Теологийн Холбооны (АТХ) магадлан итгэмжлэлийн багийнхан ирж манай итгэмжлэлийг сунгасан юм. Энэ нь мэдээж баярлууштай хэрэг мөн. Харин энэхүү багийнхны зүгээс өгсөн санамж нь бидний зүрх сэтгэлд бодогдсоор байсан, хийгдэх ёстой өөрчлөлтийн тухай байсан нь цагаа олсон төдийгүй Эзэн үүнийг лавтайяа хүсэж байна гэсэн итгэлийг маань батжуулсан юм.

Ингээд 2014 оны намрын семестерийн эхний өдрөөс эхлээд БСТ-ийн сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчлэхээр зориг шулуудав. Уг хэрэгт Удирдах зөвлөл онцгой анхаарал хандуулж, гишүүдээсээ пастор Л.Төмөрхуяг, Б.Мөнхбаатар нарыг дайчлан, БСТ-ийн захирал, сургалтын албатай хамт “хөтөлбөр шинэчлэх” ажлын багийг байгуулсан. Уг багийг АТХ-ны зүгээс санал болгосончлон ХУСТ Библийн сургуулийн захирал Пиетер Террон зөвлөж, туслахаар болов.

Ингээд юуны түрүүнд Монгол чуулганы цаашдын өсөл хөгжил, өнөөгийн тулгамдсан асуудал, шаардлага хэрэгцээг олж тогтоохын тулд хэд хэдэн форум уулзалтыг зохион явууллаа. Юуны түрүүнд БСТ-ийн багш нарын дунд, одоо суралцаж оюутнуудаасаа санал асуулга авлаа. Дараа нь төгсөгчдийнхөө дунд, эцэст нь пастор ахлагчдын дунд форум уулзалт зохион байгуулан дээрх асуудлаар санал хүсэлтийг хүлээн авлаа. Ингээд дууссангүй, эрт эдүгээ нэгэн цагт БСТ-д ажиллаж, сэтгэл зүрхээ зориулж байсан гадаадын илгээлтийн эздээсээ хүртэл санал бодлыг сонслоо.

Өнгөрсөн сард ажлын баг уулзаж, санал асуулгуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлгийг ирэх даваа гарагт (3-р сарын 9) нийт багш нартай дахин хэлэлцүүлэхээр тогтоод байна. Ажлын багийн найдаж буйгаар хөтөлбөрийн шинэчлэлийн үндсэн чиг шугамыг ирэх 5-р сарын дунд гэхэд дуусгана гэж төлөвлөж байна.

Тиймээс, БСТ-д сэтгэл зүрхээ чилээдэг бүх төгсөгчид, пастор ахлагчид, илгээлтийн эзэд, оюутан сурагчид, багш ажилчид та бүхнийг дараах сэдвээр залбирч байхыг хүсэж байна.

  1. БСТ-ийн хөтөлбөрийн шинэчлэл амжилттай боловсруулагдах
  2. Шинэчлэгдсэн хөтөлбөр ирэх намрын семестерээс эхлэн хэрэгжих бөгөөд үр дүнтэй, арвин үр жимстэйгээр хэрэгжих
  3. БСТ-ийн 20 жилийн ойн баяр. Уг баяртай холбогдуулан 9-р сарын 5-нд хийхээр төлөвлөгдөж буй эрдэм шинжилгээний бага хурал, ойн баярын хүндэтгэл талархлын цуглаан амжилттай зохион явагдахын төлөө

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

БСТ-ийн хичээлийн эрхлэгч, пастор Г.ТҮМЭНБАЯР